Thursday, December 1, 2011

Om тарни Шри Чинмой

  • Thursday, December 1, 2011
  • amega
  • Аум

    Аумын утга учир юу вэ?

    Аум бол онцгой утга учиртай, бүтээгч хүчийг өөртөө агуулсан үе юм. Аум бол тарни бүгдийн эх тарни. Аум тарнийг давтан дуудахдаа бид дээрээс амар амгалан, гэрэл гэгээг буулган авчрахын зэрэгцээ дотоод хийгээд гадаад ертөнцдөө орчлон дахины эв эеийг цогцлоон бүтээдэг юм. Аум тарнийг давтан дуудахад дотоод болон гадаад ахуй биес маань бурханлаг ухаарал, тэмүүллээр тэтгэгдэж урамшдаг. Аум бол юутай ч эгнэшгүй агаад түүнд хязгааргүй хүч агуулагдана. Зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрэх боломжтой. Аумыг дуудаж байхдаа өөрийн тань дотор Бурхан дээшилж, доошилж хөдөлж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Олон зуун Энэтхэг эрэлчид зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрсэн билээ. Аум бол Бүтээгч Бурханы бэлгэ тэмдэг.

    Аумыг давтаж дуудахдаа чухам юу болж байгааг анзаарч мэдэхийг хичээгээрэй. Муур, нохой, сармагчингийн нэрийг тэр бүү хэл жирийн нэг хүний нэрийг дуудлаа гэхэд та ямар ч урмыг бадраах зүйл мэдрэхгүй. Харин Бүтээгчийн бэлгэ тэмдэг, амь амьсгал нь болсон Аумыг дуудах даруйд зөн билгийг тань улам хурцалж, хорвоогийн амьдралыг тань бүрэн дүүрэн болгож хувиргах эрдэмтэй дотоод болон гадаад эрч хүчийг урамшуулан сэргээж буй дотоод мэдрэмжийг та мэдрэх болно. Энэ бол Аумын нууц. Хэрэв та хамаг амьдралынхаа туршид нэгэн нууцыг нандигнан дээдлэхийг хүсч байгаа бол дээдлэх учиртай нууц тань энэ юм. Аумыг давтан дууд, тэгвэл юм бүхэн таных болох болно.

    Аумыг хэрхэн дуудах вэ?


    Аум бол эгнэшгүй анир дуун. Бид ихэнхдээ хоёр зүйл харшин цохилдсоноос үүдэх дуу чимээг сонсдог. Харин Аумд тийм цохилт хэрэггүй. Аум бол анахада буюу цохилт үгүй, анир үгүй анир. Йог юмуу сэтгэл зүрхний Багш хүн өр зүрхний гүнийн гүнээ өөрөө үүдэн гарах Аумыг сонсох чадалтай байдаг.

    Аумыг янз янзаар дуудаж болно. Хэрэв чангаар дуудвал Дээдгэгээний бүгдийг чадагч чанарыг мэдэрнэ. Зөөлөн дуудвал Дээдгэгээний баясгаланг мэдэрнэ. Аниргүй дуудвал Дээдгэгээний амгаланг мэдэрнэ. Дээдгэгээний үүдүүлсэн орчлон дахины Аум бол яндашгүй их далай билээ. Хүмүүний дуудсан бодгал Аум бол тэрхүү их далайд агуулагдах нэгэн дусал боловч их далайгаас ангид үл оршиж, их далайг өөрийн гэж үзэх чадалтай. Аумыг чангаар дуудаж буй хүн оройн дээд Дууны сансрын анир цуурайнд хүрч, түүнийг илрүүлэн гаргадаг юм.

    Аумыг, гарсан анир нь чихэнд чичирхийлэн сонстож, хамаг биеэр түгэн тархаж байхаар тийм чанга дуудвал нэн сайн. Ингэвэл ухаан санаанд тань итгэлтэй байдал төрж, баяр хөөр, амжилт бүтээлийг та мэдрэх болно. Чангаар дуудахдаа “М” авиаг “Ау” авианаас наанадаж гэхэд гурав дахин урт байхаар дуудах нь зүйтэй.

    Read more...

    Tuesday, November 22, 2011

    ТЭГ ЦЭГИЙН ТАЛБАЙ

  • Tuesday, November 22, 2011
  • amega
  • Материйг атомаас доод түвшинд үргэлжлүүлэн судлах явцад ямар нэг тайлбарлах аргагүй сонин баримт олджээ. Хамгийн доод түвшинд, бидний мэдэх бүх төрлийн энерги үгүй болсон огт хоосон нөхцөлд ч ямар нэг хүч материт нөлөөлдөг нь илэрсэн бөгөөд эрдэмтэд энэ зүйлийг тэг цэгийн талбай хэмээн нэрлэсэн байна.

    Ингэснээр Эйнштейн «нууцлаг» хэмээн нэрлэсэн эгшин зуур харилцан үйлчлэх талбай буюу квантын ээдрээтэй төлөв байдал нь ямар нэг утга учиртай болж эхэлж байгаа юм. Энергийн түвшингээс бүр доод төвшинд түүний суурь болдог өөр төвшин байдаг болж таарч байна. Энэ төвшний талбай нь ямар нэг энерги агуулаагүй хоосон орон зай бөгөөд тодруулж хэлбэл мэдээллийн талбай юм.

    Өөрөөр хэлбэл энерги үүсдэг анхдагч далай нь цэвэр оюун санааны далай бөгөөд тэндээс матери үүсдэг байна. Орчлон ертөнц чухамхүү оюун санаанаас тогтдог бөгөөд матери болон энерги нь ухамсарт тусгагдаж байгаа хэлбэр л юм.

    Эрвин Ласло бүх орчлон ертөнцийг нэгтгэсэн, түүнийг өөртөө багтаасан талбайг «А-талбай» хэмээн нэрлэсэн байна. Энэ нь орчлон ертөнцийн бүх эрдэм мэдлэг түүн дотроо хүний мэдэж байгаа бүхнийг агуулж байдаг материаллаг бус орон зай буюу Акашийн хүчний тухай өгүүлдэг эртний Энэтхэгийн хөлгөн судруудаас үүдэлтэй нэр юм. Сэтгэлзүйч Карл Густав Юнг нийтийн ухамсаргүйдлийн тухай; гүн ухаантан Пьер Тейяр де Шарлей ноосфер буюу оюун ухаант давхаргат мандлын тухай; биологич Руперт Шелдрейк морфоген талбай буюу бүтцээс үүдэлтэй талбайн тухай тус тус ярьж бичиж байлаа. Хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид энэ төвшин, энэ талбай байдгийг мэдэрч түүнийг мянга түмэн янзаар тодорхойлон бичиж байжээ. Гэвч зөвхөн сүүлийн хэдэн арван жилд л байдаг гэдгийг нь үргэлж мэдэрч байсан зүйлдээ хүрч чадсан ч ойлгогдохоор тайлбарлаж чадаагүй л байна.

    Ласло өөрийн бүтээлдээ: «Эртний хүмүүс энэ орон зай хоосон биш бөгөөд бүх зүйл тэндээс үүсэж; оршиж байсан, оршин байгаа бүх зүйлийн тухай мэдээлэл тэнд хадгалагддаг болохыг мэддэг байжээ... Одоо энэ ойлголт шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд аажмаар XXI зууны шинжлэх ухааны амин чухал тулгуур болон хувирч байна. Бидний өөрсдийнхөө болон ертөнцийн тухай төсөөлж байсан бүхэн бүрэн өөрчлөгдөх болно» гэжээ.

    Хэрэг дээрээ бидний өөрсдийн болон ертөнцийн тухай төсөөлөл аль хэдийн өөрчлөгдсөн бөгөөд бизнесийг удирдах бидний үзэл ч өөрчлөгдөж байна.

    Read more...

    Энэ бас сонирхолтой

  • amega
  • Эйнштейний гол бүтээл хэвлэгдэн гарснаас хорин жилийн дараа түүний хийсэн нээлтээс дутахгүй ач холбогдолтой өөр нэгэн нээлт хийгджээ. Энэ бүхэн квантын физикийн анхдагчид болох Данийн физикч Нильс Бор ба түүний шавь Вернер Гейзенберг нарын хийсэн туршилтуудаас эхэлсэн байна.

    Бор, Гейзенберг нар атомын доторх жижиг хэсгүүдийг судлаад атом нь бид бүхний бодож байсан шиг нарны аймгийн жижгэрүүлсэн загвартай адил бүтэцтэй биш болохыг тогтоожээ. Үнэн хэрэгтээ атомын дотоод бүтэц нь хэтэрхий ээдрээтэй бөгөөд ямар нэг магадлалуудын бөөнцөр байлаа.

    Атомын жижиг хэсэг бүр нь биетэй тогтмол зүйл биш бөгөөд ямар нэг төлөв байдалд байнга шилжиж байдаг байна. Гейзенбергийн тодорхойгүйн зарчмаар бол тухайн жижиг хэсгийн бүх шинж чанарыг нэг дор тодорхойлох боломжгүй юм. Жишээлбэл, протоны байрлалыг тогтоож байх үедээ нэгэн зэрэг түүний хөдөлгөөний хурд, чиглэлийг тогтоож болохгүй бөгөөд хурдыг нь хэмжих үедээ байрлалыг нь тогтоох боломжгүй байдаг байна.

    Бор, Гейзенберг нарын хийсэн нээлтээр бол хамгийн доод түвшинд матери нь тодорхой бус ямар нэгэн зүйл төдий юм. Энэ онолоор бол атомаас доод түвшинд орчлон ертөнц нь ямар нэг материаллаг тоосгонуудаас биш харин магадлалын талбайнуудаас тогтдог. Жижиг хэсгүүд нь ажиглаж, хэмжиж болох төлөвт орсон үедээ л материаллаг байдалтай болдог байна.

    Мөн үнэхээр хачирхалтай өөр нэг шинж ажиглагдсан нь: тэднийг судлах гэсэн оролдлого нь жижиг хэсгүүдийн байдалд нөлөөлдөг байна.

    Эрдэмтэд электроныг ажиглах бүрд тэр нь тэдний үзэхийг хүссэн тэр газарт л байдаг байна. Энд хэн ажиглалт хийж байгаа нь хамаагүй бөгөөд физикч эрдэмтэн, автобусны жолооч эсвэл өөр хэн нэгэн байхаас шалтгаалахгүй. Жижиг хэсгүүдийг ажиглах гэсэн санаа хүртэл түүнийгээ хэрэгжүүлж эхлээгүй байхад ч эдгээр хэсгүүдийн байдалд нөлөөлдөг нь тодорхой болжээ!

    Материйн жижиг хэсгүүд нь субъектив байдал буюу ухамсрыг тусган авдаг энэ шинж нь бодит байдлын мөн чанарыг танин мэдэх түлхүүр болж байна.

    Read more...

    БУРХАНЫ БОДЛЫГ ТОЛЬДОХУЙ

  • amega
  • Эйнштейний харьцангуйн онолыг судалсан эхний арван жилд квантын физик нь бидэнд нэлээд хэдэн гэнэтийн бэлгийг барьсан юм. Энэхүү нууцлаг квантууд нь тун ч ер бусын шинж чанартай ба өөр хоорондоо таагдашгүй байдлаар харилцан нөлөөлөх чадвартай болох нь тодорхой болсон юм (физикчид энэ үзэгдлийг квант төлвийн ээдрээтэй байдал хэмээн нэрлэдэг).

    Физикч Эрвин Ласло өөрийн бичсэн «Шинжлэх ухаан ба Акашийн талбай» номдоо өөрийн хийсэн сонирхолтой олон туршилтуудыг дурджээ. Эрвин Ласло, полиграфын (polygraph, polygraph detector, lie-detector буюу үнэн худлын детектор) салбарын мэргэжилтэн Клив Бакстер нар туршилт хийсэн байна. Бакстер өөрийн туршилтад оролцож байгаа хүний цусны цагаан бөөмийн дээжийг хуруу шилэнд авч туршилтын төвөөс 7.5 милийн зайтай өөр газар байрлуулаад дээжтэй хуруу шилэнд үнэн худлын детектор залгажээ.

    Нэг удаагийн туршилтын явцад 1941 онд япончууд Америкийн цэргийн бааз Перл-Харборыг довтолж байгааг харуулсан телевизийн нэвтрүүлгийг уг туршилтад орж буй хүнд үзүүлсэн байна. Туршилтад оролцогч нь дайны үед тэнгисийн флотод зенитийн их бууны буудагчаар алба хааж байсан бөгөөд довтолгооны өдрүүдэд Перл-Харборт тулалдаж явжээ. Дэлгэц дээр туршилтад оролцогчийг томоор харуулах үед түүний нүүрэн дээр сэтгэлийн огцом хөдөлгөөн илэрсэн ба яг тэр хоромд туршилт хийж буй газраас 7.5 милийн цаана байгаа үнэн худлын детекторт сэтгэл хөдлөлийн цалгиа бүртгэгджээ. Яг л детекторыг хуруу шилэнд байгаа цусны цагаан бөөмийн дээжид биш харин туршилтад оролцож буй хүнд шууд залгасан юм шиг.

    Дараа дараагийн туршилтууд нь гадаад нөхцөл байдал ба туршилтад оролцогч болон түүний цусны дээж хоёрын хоорондын зайгаараа (хэдэн арав, хэдэн зуун миль) өөр байсан ч үр дүн нь гайхалтай адилхан байжээ.

    Ийм байж болно гэж үү? Квантын физикийн хэлээр бол зенитчний цусны дээж ба түүний бие хоёр хоорондын орон зайнаас үл хамаарч хоорондоо холбоотой хэвээрээ л байх болно. Энэ харилцан үйлчлэл нь гэрлийн хурднаас давсан маш өндөр хурдтай явагддаг ба үүгээрээ Эйнштейний онолын үндсэн постулатуудын нэгтэй зөрчилддөг.

    Эрдэмтэд энэхүү тэдний санааг зовоосон эгшин зуур харилцан үйлчлэх чадварыг байрлалаас үл хамаарах үзэгдэл гэж нэрлэжээ. Эйнштейн өөрөө ч физикийн нэр томьёоноос зайлсхийж орон зайн нууцлаг харилцан үйлчлэлийн талаар дурдсан байдаг.

    Үүний цаана ямар хүч нуугдаж байна вэ? Энергиэс илүү доод түвшний ямар нэг хүч оршдог байж болно гэж үү? Ингээд бидэнд мэдэгдэж буй энергийн бүх хэлбэрийг нэгтгэх чадвартай энэ хүчийг хайж эхэлсэн юм. Орчлон ертөнцийн бүх хүчний үйлчлэлийг илэрхийлж чадах математик тэгшитгэлийг хайж буй энэ эрэл хайгуулыг одоо үед «оргүй хоосны онол» эсвэл «бүхний тухай онол» гэж нэрлэх болжээ. Орчин үеийн шинжлэх ухааны хувьд энэ нь яг л мөнхийн усыг хайхтай адил чухал зүйл болсон байна. Шилдэг астрофизикчид, тэр дундаа Стивен Хокинг энэхүү «бүхний тухай онолыг» бүтээж чадвал бид Бурханы бодлыг уншиж чадна гэж ярьцгааж байна.

    Read more...

    БҮХ ЗҮЙЛ ЭНЕРГИ

  • amega
  • Альберт Эйнштейний нэрийг хэлэхэд таны тархинд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ? Хэн нэгнийх нь дотор сэгсийсэн буурал үстэй, хэлээ гаргасан хүний тэрхүү алдарт зураг бодогддог байж ч болох юм. Зарим нь зүгээр л агуу их хүн гэж хэлээд E=mc2 томьёог санадаг байх. Хэдийнээс түүний ухаалаг онолын математик илэрхийлэл нь ийм алдартай болсныг хэлж мэдэхгүй ч шинжлэх ухаанаас хол байдаг хүмүүс хүртэл бүгд энэ томьёог мэддэг. Эйнштейний «энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү» гэсэн энэ томьёо нь орчлон ертөнцийн тухай өмнө нь байсан бүх онолыг хүчингүй болгож ертөнцийн дүр төрхийг бүрэн өөрчилсөнд л гол учир нь оршиж байгаа юм.

    Гэрлийн нууцлаг шинж чанарыг тайлбарлах гэж оролдож байхдаа цаг хугацаагаар шалгагдсан юм шиг санагдаж байсан ньютоны физикийн хуулиудаас ангижирснаар л тухайн асуудлын хариуг олж болохыг Эйнштейн ойлгосон байна. Ньютоны үзэл баримтлалын оронд орчлон ертөнцийн бүтцийн талаарх өөрийн онолыг тэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь түүний алдарт Харьцангуйн онол билээ. Эйнштейний санаа ийм чухал нөлөөтэй болж чадсаны нэг гол шалтгаан нь түүний онол түүхэнд анх удаа энерги болон матери нь хоорондоо холбоотойгоор барахгүй байнга харилцан бие биедээ шилжиж байдгийг баталсанд байгаа юм. Урд өмнө нь матери болон энергийг зааглаж байсан хананд ан цав байхыг Эйнштейн олсон бөгөөд сонгодог ньютоны физикийн хээнцэр номлол шахагдах болж догшин омголон, адармаатай, өмнө нь төсөөлж байгаагүй квантын физик түүнийг шийдвэртэйгээр түлхэн холдуулсан юм.

    Квантын физик нь атомаас олон дахин жижиг хамгийн бага түвшинд ертөнц хэрхэн бүтээгдсэн болохыг судалдаг шинжлэх ухаан юм. Эрдэмтэд энэ түвшинд бодит байдлын мөн чанарыг судалж үзээд хачирхалтай зүйлийг олж мэдсэн бөгөөд бодит байдлыг хэчнээн гүнзгийрүүлж судлах тусам мэдэгдэх зүйл улам бага болж байжээ. Материйн туйлын жижиг хэсгүүдийг эрж хайн судалсны дүнд хэдийгээр оршин байдаг боловч бараг илрүүлэх бололцоогүй энергийн бөөмс байдаг гэсэн онол үүсэхэд хүргэсэн бөгөөд эдгээр энергийн бөөмсийг квант хэмээн нэрлэжээ.

    Эйнштейний онолыг товчоор дүгнэж хэлбэл бүх зүйл энерги гэж томьёолж болох юм. Хадан цохио, гариг эрхэс, шилэн аягатай ус, гар, бидний барьж, харж, үнэрлэж үзэж болдог бүх зүйлс молекулоос тогтох ба молекул нь атомаас, атом нь протон, нейтрон ба электронуудаас тогтоно. Харин протон, нейтрон ба электрон нь барьж үл болох энергийн бөөмсөөс бүрдэнэ.

    Чухам энд л квантын физик нь миний гэртээ хайрцаг доторхыг үзэж байхдаа хийсэн нээлттэй огтлолцож байгаа юм. Квантын физикийн үзэл баримтлалууд нь аз жаргалтай амьдарч өөрийн мөрөөдлийн бизнесээ бүтээн цогцлоох боломжийг олгож байна. Бүх зүйл энерги бөгөөд энерги болон материйн хооронд үл нэвтрэх хаалт саад байхгүй гэж ойлгомогц бодит ертөнц болоод бидний оюун санааны ертөнцийн дундах хил хязгаар байхгүй болж байгаа билээ.


    Read more...

    АТОМЫН ДОТОРХ ЕРТӨНЦ

  • amega
  • Декарт ба Галилейн дараа сэр Исаак Ньютон байгалийг механизм мэт үзэх үзлийг улам гүнзгийрүүлж энэ механизмыг удирддаг хуулиудыг томьёолсон байна. Бүх сонгодог физик, орчин үеийн бүх шинжлэх ухаан нь орчлон ертөнц хэмээх гурван хэмжээст хоосон орон зай дотор биетүүд маргаангүй үнэн, өөрчилж үл болох хуулиудад захирагдан хөдөлдөг гэсэн Ньютоны онол дээр тулгуурладаг. Энэхүү хөдөлгөөний хуулиуд нь уурын бүдүүлэг хөдөлгүүрээс авахуулаад Ангараг гаригаас хөрсний дээж авчирсан сансрын аппарат хүртэл орчин үеийн маш олон технологийг бүтээх боломжийг олгосон юм. Хүмүүс Ньютоны хуулиудыг хэрэглэн амьдрал дээр бий болгож чадсан бүхэн үнэхээр гайхамшигтай юм. Гэхдээ цаг өнгөрөх тусам ньютоны механикийн бүх боломжууд шавхагдаж байна. Судалгааны багаж төхөөрөмж улам боловсронгуй, илүү нарийн төвөгтэй болохын хэрээр ертөнцийг улам гүнзгий танин мэдэж, атомаас доод түвшинд орчлон ертөнц нь Декарт болон Ньютон нарын хамгийн зоригтой зөгнөлөөс ч үндсээрээ өөр болох нь тодорхой болж байна.

    ХХ зууны эхээр дадал болсон, «объектив» шинжтэй ертөнцийг үзэх механик үзлийг эргэж харахад хүрсэн юм. 1890-ээд оны сүүлээр бодисын цацраг идэвхт чанарыг нээснээр эрдэмтэд атомын цөмийг судлах болсон бөгөөд атомаас доод түвшинд физикийн хуулиуд нь ньютоны хуулиудаас огт өөр байдгийг мэдээд туйлын их гайхацгаасан юм. Хэрэг дээрээ атом өөрөө хоосон зүйл болон хувирч, сайтар судлах тусам бүхэл бүтэн байдал нь алдагдаж байлаа.

    «Атом» буюу ατομος гэдэг грек үг нь [α-, үгүй; + τομος-, хуваах] «хуваагдашгүй» гэсэн утгатай бөгөөд XIX зууны турш эрдэмтэд байшин барилга тоосгоноос бүтдэг шиг орчлон ертөнц атомаас тогтдог гэдэгт итгэж байлаа. Гэвч цацраг идэвхт үзэгдэл нь атом хуваагдашгүй биш бөгөөд атомын дотор судалж шинжлэх шаардлагатай бүхэл бүтэн онцгой нэгэн ертөнц байгааг ойлгуулжээ. Атом хуваагдашгүй гэсэн төсөөлөл таягдан хаягдахын хамт сонгодог физикийн үндсүүд нуран унасан билээ. Ертөнцийн бүтцийн тухай бидний үзэл бүхлээрээ өөрчлөгдсөн юм.

    Read more...

    ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГУУД

  • amega
  • 1633 онд одон орон судлаач Галилео Галилей гэгч хижээл насны итали эрийг тэрс үзэлтэн хэмээн буруутгаж шашны эрүүдэн шүүх газраас түүнд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ.

    Галилей ямар гэмт хэрэг хийсэн юм бол? Өөрөөсөө зуун жилийн өмнө амьдарч байсан агуу одон оронч Николай Коперникийн дэвшүүлсэн Дэлхий гариг бол Нарны аймгийн төв биш юм гэсэн санааг тэр баталсан юм. Галилейн хэлснээр: Нарны аймгийн төвд Нар оршдог бөгөөд Дэлхий бол түүнийг тойрон эргэдэг хэдхэн гаригийн нэг юм. Энэ санаа нь шашны Ариун Сударт бичсэнтэй огт нийцэхгүй байлаа. Галилейг олон нийтийн өмнө энэхүү тэрс үзлээсээ татгалзахыг шаардаж, түүний бичсэн «Птолемейн болон Коперникийн сургаалиудын тухай бодрол» хэмээх бүтээлийг нь хориотой номын жагсаалтад оруулсан юм. Хожим шоронд эдлэх ялыг нь гэрийн хориогоор сольсон бөгөөд хараа нь улам муудсаар байсан Галилей үлдсэн амьдралаа Флоренцын дэргэд байдаг тосгонд өнгөрөөжээ.

    Хэдийгээр шашны зүгээс хориотой байсан ч Нарны аймгийн талаарх нар төвт онол эцсийн эцэст ялж, Галилейн хийсэн нөр их туршлагын ажлууд, түүний бүтээсэн математик загварууд нь орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад их хувь нэмэр болсон юм. Гурван зуун жилийн дараа германы физикч Альберт Эйнштейн түүнийг «орчин үеийн шинжлэх ухааны эцэг» хэмээн нэрлэсэн билээ.

    Шинжлэх ухаан Галилейн үеэс өмнөх мянга гаруй жилийн турш ертөнцийг онолын талаас нь тайлбарлахыг л чухалчилдаг байсан бөгөөд онол нь бодит байдалд нийцэж байгаа эсэхэд бага анхаардаг байжээ. Гэвч Коперник болон Галилейн үеэс эхлэн европын эрдэмтэд шинжлэх ухааны янз бүрийн туршилтууд хийхийг эрмэлзэх болж тэдгээрийн үр дүн нь хуримтлагдаж эхэлсэн байна. Бодол санаан дотроо хийдэг байсан туршилтууд нь бодит байдал дээр хийдэг туршилтын ажлуудад байраа тавьж өгсөн байна. Хүнд зүйл нь хөнгөнөөсөө түргэн өнхөрдөг хэмээн Аристотелийн батлан хэлснийг (хэрэг дээрээ огт тийм биш бөгөөд хазайлтын өнцгөөс хамаардаг) шалгахын тулд налуу ховилоор модон болон металл бөмбөрцөг өнхрүүлэн туршиж байсан Галилейг энд дурдаж болно. Галилейн үеэс эхлэн хуримтлагдсан мэдээ, баримтууд нь эрдэмтдэд ертөнц бол аварга том цагны механизм шиг бүтэцтэй бөгөөд энэ механик бүтцэд «оюун санаа», «сүнс» эсвэл «ухамсар» гэх мэт ойлголт огт байхгүй гэсэн санаа төрөхөд хүргэжээ. Галилейтай нэгэн үед амьдарч байсан, өнөө үед «орчин үеийн гүн ухааны эцэг» хэмээгддэг Францын гүн ухаантан, математикч Рене Декарт: ертөнц хэрхэн бүтсэнийг ойлгох хамгийн шилдэг арга бол орчлон ертөнцийг бодит ертөнц ба оюун санааны ертөнц хэмээх хоёр хэсэгт хуваахад оршино гэжээ.

    Сэтгэх гэж юу болохыг Декарт болон түүний үзлийг залгамжлагчид мэдэхгүй байсан ч тэрээр «Сэтгэж л байгаа бол оршиж байна» гэсэн үгээрээ их алдаршсан юм (COGITO, ERGO SUM лат. [когито, эрго сум] — «би сэтгэж байна, тийм болохоор оршиж байна»). Бид яаж сэтгэдэг вэ? Бодол санаа хаанаас үүсдэг вэ? Хэрхэн бидний тархийг бүрдүүлдэг матери ухамсрыг төрүүлдэг вэ? Орчин үеийн физикч Жон Хагелин «Ухамсар нь бие махбодийн хэлтэрхийгээс үүсдэгт л гүн ухааны асар том асуудал оршиж байгаа юм» гэж дуртай дургүй хэлсэн байдаг. Декартын дэвшүүлсэн орчлон ертөнцийг хувааж үзэх зүй тогтлыг сөрж бидний бодол санаа ямар нэг байдлаар материтай холбоотой болж таарч байна. Гэхдээ яг яаж? Эдгээр асуултуудад хариулах гэсэн оролдлогууд нь таны өмнө бодит бололцоо, боломжуудын асар том ертөнцийг нээж өгч байгаа бөгөөд энэ нь Хариуны үндсэн хэсгийг бүрдүүлж буй юм.

    Read more...

    Your Upper Menu Here

    Subscribe